Олонлог Академи сургууль 10 дахь хичээлийн жилээ энэ цаг үеийн амин асуудал – хиймэл оюун хүн төрөлхтөнд тулгаж буй их сорилтыг даван туулах сэдлийг өдөөсөн “Хиймэл оюуны эрин дэх Олонлог Академи” өдөрлөгөөр эхлүүллээ. Боловсролын шинэчлэл, ирээдүйн сургалтын чиг хандлагыг бодитоор хэрэгжүүлэх хөгжлийн шинэ үеийг эхлүүлснээрээ энэ өдөрлөг бидний хувьд онцгой байлаа. Хичээлийн жилийн нээлтийн энэхүү өдөрлөгийн хүрээнд олон улсын жишигт нийцсэн Хиймэл оюуны 5 лабораторийг иж бүрнээр нь ашиглалтад оруулж, суралцах орчныг шинэ шатанд хүргэв. Олон улсын IB сургууль, Дунд ахлах сургууль, Бага сургуулийн онцлог, хэрэглээний түвшин, шаардлагад нийцүүлэн байгуулсан эдгээр лаборатори нь сурагч бүр нас, хөгжлийн онцлогтоо тохирсон орчинд хиймэл оюуныг сургалт, судалгаа, бүтээлч үйл ажиллагаандаа оновчтой ашиглах соёлыг төлөвшүүлэх суурийг бүрдүүлж байна.