about olonlog academy
ОЛОНЛОГ АКАДЕМИ НЭРИЙН УЧИР
Эртний Грекийн Афинд Академиа нэртэй цэцэрлэгт хүрээлэн байсан бөгөөд тэнд тэр цагийн хамгийн ухаантай иргэд цуглан яруу найраг, утга зохиол, урлаг төдийгүй гүн ухаан, геометр, тоон ухаан зэрэг шинжлэх ухааны бүхий л салбараар маргалдаж цэц булаалдан ярилцдаг байжээ. Тэдний дунд их сэтгэгч, гүн ухаантан Платон тодрон гэрэлтдэг байсан агаад хожмоо Платонийн Академи хэмээн нэрлэгдэх болжээ. Олны шуугианаас зайдуу цэцэрлэгт хүрээлэнд бий болсон тэр л соёл, хэм хэмжээ өнөөгийн шинжлэх ухаан, ёс суртахуун, эрдэм мэдлэгийн цогц бүтцийн эх суурийг тавьсан билээ.
Энэ сайхан утга агуулгыг бэлгэдэж, бас Монголынхоо нийслэл дэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно оршдог байрлалаа ч бодолцон Олонлог Академи хэмээн сургуулиа бид нэрлэсэн юм.
about olonlog academy
ОЛОНЛОГ АКАДЕМИ
СУРГУУЛИЙН ТУХАЙ:
Олонлог Академи сургууль нь Монголын боловсролын тогтолцоонд үйл ажиллагаа эрхэлсэн 30 гаруй жилийн өв туршлага, бага дунд боловсролын шилдэг багш ажилтнуудын багийн арга зүй, мэдлэгийг түшиглэн нэг ээлжинд 1700 орчим сурагчийг сурган хүмүүжүүлж байна.
Монгол улсад 1960-аад оноос хэрэгжиж эхэлсэн уламжлалт академик сургалтыг сэргээж, суралцагчдад шинжлэх ухаанч боловсролыг олгох үзэл баримтлалтай сургууль юм. Манай сургуулийн баг, хамт олон Монгол улсад ашиглагдаж байсан сурах бичгүүдийг сэргээн боловсруулж, орчин үеийн агуулга, мэдээллээр шинэчлэн өөрсдийн цоо шинэ, шилмэл сурах бичгүүдийг боловсруулан ашиглаж байна. Бид Монгол Улсын одоогийн мөрдөж байгаа стандарт цөм хөтөлбөрийг өөрсдийн боловсруулсан эрчимжүүлсэн академик сургалтын хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлэхийн сацуу суралцагч сурах дуртай, цаашид хөгжиж боловсрох эрмэлзэлтэй, бие даан чөлөөтэй эргэцүүлж сэтгэх чадварыг төлөвшүүлж, багш шавийн эрх тэгш, нээлттэй, ардчилсан, эрх чөлөөт орчныг бүрдүүлж чадснаараа бусдаас ялгарах болно.
Уламжлалт академик мэдлэг, үндэсний стандартыг хослуулж, суралцагч гоо сайхан, бие бялдар, сэтгэлгээний өндөр соёлтой, өв тэгш төлөвшилтэй иргэн болон төлөвшихийг сургалтын үндсэн зорилго гэж үздэг.
АКАДЕМИК ХАНДЛАГА
энгийн үгээр
Орчин цагт нийтийн боловсролыг шударга бусаар олгож байна. Дийлэнх олонход өнгөцхөн, хялбаршуулсан байдлаар суурь, дунд боловсролыг олгож, цөөнх нь академик, элит боловсролыг эзэмших болсон нь хожим нийгмийн баялгийн хуваарилалтад тэгш эрхтэй оролцох боломжийг хааж байна.
Монголчууд цөөхүүлээ, өргөн уудам нутагтай улс оронд амьдардгийн хувьд залуу иргэд маань бүгд академик, элит мэдлэг, боловсролтой байж ирэх цагт оршин тогтнож чадна.
Тиймээс бид шинжлэх ухааны зарчмуудыг гүнзгий, хүртээмжтэй тайлбарладаг сургалтын технологийг илүүд үздэг. Үүнийг бид академик хандлага, академик боловсрол гэж нэрлэдэг. Шинжлэх ухааны өв уламжлал, арга барилыг багаас нь эзэмшүүлэх энэ хандлагыг бид баримтална. Хүүхдийг бага наснаас нь учир шалтгаан, зүй тогтлыг ажиглах, илрүүлэх чадварыг суулгах нь академик хандлагын амин сүнс нь байдаг.