Олонлог Академи сургуулийн VI-XII ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлүүдийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадвараа ашиглан хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. Энэ удаа биологи, газарзүйн хичээлийн бүтээлүүдийг танилцуулж байна.
БИОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД:
Амьтны биеийн анатомийн бүтцийн онолын мэдлэгээ ашиглан мэдрэлийн, хоол боловсруулах, амьсгалын, ялгаруулах эрхтэн тогтолцоонд оролцдог эрхтнүүдийг, мэдрэхүйн эрхтэн тогтолцоо сэдвийн хүрээнд хараа болон сонсголын эрхтнүүдийг, эсийн хуваагдал сэдвийн хүрээнд митоз болон мейоз хуваагдал, нүдэнд үл үзэгдэх нэг эстэн сэдвийн хүрээнд амёб, эвглен, шаахай, бактери, вирус зэргийн бүтэц, ургамлын ургал болон үржлийн эрхтнүүд, хүний биеийн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны онолын мэдлэгээ ашиглан эм бэлгийн эрхтэн тогтолцооны бүтэц үйл ажиллагааг, фотосинтез ба амьсгалын бүтэц, биоценоз, экосистемийн бүтцийг тодорхойлох онолын мэдлэгээ ашиглан багаар ажиллан усны эргэлт, азотын эргэлт, идэш тэжээлийн хэлхээ, экологийн суварга, амьд биеийн бүтцийн түвшин сэдвийн хүрээнд эс, эд, эрхтэн, эрхтэн тогтолцоо, бие махбодын бүтцүүдийг өнгийн цаас, баримлын шавар, картон цаас, өнгийн будаг, харандаа, гипс, эсгий, мод, төмөр утас, хуванцар сав зэрэг гарын доорх материал ашиглан бүтэц, үйл ажиллагааг харуулсан муляж, ханын самбар, бүтээлүүд хийлээ.
Биологийн туршилтууд: Пеницеллины үйлдвэрлэл онолын мэдлэгээ ашиглан хүнсний бүтээгдэхүүн болох талхан дээр хөгц мөөг ургуулах туршилт, нуклейн хүчил, ДНХ-ийн бүтэц, үүрэг сэдвийн хүрээнд спирт, халуун ус, давс, алим, банана, тоор зэргийг ашиглан жимсний уусмал дахь ДНХ-г илрүүлэх туршилтуудыг хийв.
ГАЗАРЗҮЙН ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД:
Галактик ба нарны аймаг, од, нар, дэлхийн хэлбэр хэмжээ болон харилцан орших байрлалыг харьцуулах, нарны аймгийн гарагуудын шинжтэй танилцах, зүй тогтлыг харьцуулан дүгнэх онолын мэдлэгээ хэрэглэн нар болон нарны аймгийн талаар, дэлхийн дотоод бүтэц мэдлэгээ ашиглан дэлхийн дотоод бүтэц /газрын давхарга, манти, цөм/ шинж чанарыг тэмдэглэн ялгааг тодорхойлж, дэлхийн гадаад ба дотоод хүчин зүйлийн нөлөөгөөр үүсэх үзэгдэл юмсын талаарх мэдлэгээ ашиглан байгалийн өнгө төрх, галт уулын онцлог бүтцийг дүрслэн үзүүлж, хийн мандлын шинж чанар, агаар мандалд явагдах олон төрлийн үзэгдлүүдийн талаарх мэдлэгээ ашиглан үүл, түүний ангилал, хэлбэр дүрсийг ширээний гэрэл, баримлын шавар, байгалийн чулуу, усан будаг, өнгийн цаас, хиймэл үс, картон цаас ашиглан тодорхойлон дүрсэлж бүтээлүүд гаргалаа.