Өдөрлөг Сургалт

БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ, ЗОХИОН БҮТЭЭХ ЧАДВАРЫН ҮЗЭСГЭЛЭН

Олонлог Академи сургуулийн VI-XII ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлүүдийн хүрээнд бүтээлч сэтгэлгээ, зохион бүтээх чадвараа ашиглан хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. Энэ удаа физик, химийн хичээлийн бүтээлүүдийг танилцуулж байна.

ХИМИЙН ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД:
 

VII-IX ангийн сурагчид:

Бодисын бүтэц сэдвийн хүрээнд баримлын шавар, кардон цаас, савх модоор атомын бүтэц, талст оронт торын бүтэц, молекулын загварыг бүтээж, төрөл бүрийн давс, ус ашиглан талст ургууллаа. Мөн химийн хэрэглээ сэдвийн хүрээнд хоолны давсыг хольцоос нь цэвэрлэж, хайрга, элс, идэвхжүүлсэн нүүрс, хөвөн ашиглан хялбар ус шүүгч хийлээ.

X-XI ангийн сурагчид:

Химийн бодисын хэрэглээ сэдвийн хүрээнд жамц давс, хүнсний сода, эрдэнэшишийн цардуул, хуурай нимбэгний хүчил, эфирийн тос, нэрсэн ус ашиглан ванны бөмбөлөг, наргил модны самрын тос, хүнсний будаг, эфирийн тосоор уруул өнгөлөгч, жамц давс, кофений шаар, хүнсний сода ашиглан биеийн гуужуулагч, сүүлний тос, шөлний тос, ургамлын тос, эфирийн тос, натрийн шүлт, хүнсний будаг, нэрмэл ус, мөс ашиглан саван хийлээ.

Цахилгаан хими сэдвийн хүрээнд төрөл бүрийн давсны уусмал, бал чулуу, металл эдлэл, цахилгаан дамжуулагч утас, батарей ашиглан Гальваны хэлхээ, электролитийн хэлхээний багаж угсарч, туршилтууд хийлээ.

ФИЗИКИЙН ХИЧЭЭЛИЙН ХҮРЭЭНД:

VII-IX ангийн сурагчид:

Хялбар механизмыг хэрэглэн гарын доорх материал ашиглан хөдөлгөөнт төхөөрөмжүүд, өргөгч краныг, цахилгаан хэлхээний мэдлэгээ хэрэглэн мотор, холбогч утас, электрон багаж ашиглан гэрэлт болон автомат төхөөрөмжийг, гэрлийн ойлт мэдлэгээ хэрэглэн шил ашиглан

проектор бүтээлээ. Мөн нарны аймгийн тогтоцыг тогтоох, дүрслэх чадваруудыг хөгжүүлэх макетуудыг чийдэн, кардон, чулуу, баримлын шавар ашиглан хийлээ.

X-XII ангийн сурагчид:

Механик хэлбэлзлийг гэрлийн тусламжтай дүрслэх туршилтын төхөөрөмжийг лазер, спикер, дэлгэц ашиглан, геометр оптикийн онолын мэдлэгийн хүрээнд линз ашиглан телескоп зохион бүтээлээ. Мөн цахилгаан соронзон үзэгдлийн мэдлэгээ ашиглан тогтмол соронзон ба гүйдлийн соронзон оронг үүсгэж нисдэг, орон зайд байрлах арал хийлээ.