Өдөрлөг Үйл явдал

“УС-АМИН ОРШИХУЙ”

“SCIENCE PROJECT”-ийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “УС-АМИН ОРШИХУЙ”  төсөлт хичээлийн долоо хоног амжилттай боллоо. Амин оршихуйн мөн чанар болсон усны үнэ цэн, зохистой хэрэглээг бий болгох, хайрлан хамгаалах талаар бага, дунд, ахлах ангид судлагдахуун бүрийн онцлогийг тусгасан  хичээл, хичээлээс гадуурх ажлыг явуулсан нь усаа гамтай хэрэглэх мэдлэг, чадвар эзэмшүүлэх зөв зүйтэй дадал хэвшил олгоход чиглэж байлаа.

I-V ангийн сурагчид  усны эх үүсвэрээ хайрлан хамгаалах, ундны болон хэрэглээний усаа ариг гамтай хэрэглэж сурах, усны үнэ цэнэ ач холбогдлын талаар судалж бяцхан ном, уриалга, зөвлөмж бичиж, бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.

VI ангийн сурагчид “Цэнгэг усны нөөц” байгаль хамгаалах төвд монгол орны гадаргын болон гүний ус, усны сав газар, байгалийн нөөц баялаг түүний ангилал, улсын тусгай хамгаалалттай газар нутаг, ус ашиглалт ба хэрэглээ, зохистой ашиглалтын талаар сонирхолтой мэдлэг, мэдээлэл авч бид юу хийж чадах вэ хэмээн дор бүрнээ эргэцүүлэв. VI-VII ангийн сурагчид усны талаарх мэдлэг, ойлголтоо англи хэлээр илэрхийлэн, өөрсдийн зохиосон шүлэг, онч үг, зураг бяцхан ном, уриалга, санамж, зөвлөгөө бичиж үзэсгэлэн гаргахын зэрэгцээ усаа хайрлан гамнах мөн усны хомсдол, бохирдлоос хэрхэн гарах талаар сурагчид өөрсдийн үзэл бодлоо хуваалцсан тик-ток уриалга бэлтгэлээ.

IX-XII ангийн сурагчид төсөлт хичээлийн хүрээнд олж авсан баримт нотолгоог ашиглан, мэдрэмж сэтгэгдэл, үзэл бодол, байр сууриа илэрхийлэн “Байгалийн нөөц хэмжээтэй”, “Газрын доорх ус түүний үнэ цэн”, “Ус чандмань эрдэнэ” сэдвийн дор эсээ зохион бичлээ. Энэ нь баримт эшлэл сонгон ашиглах, тулгамдсан асуудлаар үзэл бодлоо илэрхийлэх, бие биеэс суралцах, ус байгалиа хамгаалах уламжлалт ёсоо дагаж мөрдөх, хүүхэд багачуудад уриалах дүү нартаа үлгэрлэх зэрэг ач холбогдолтой юм.

Мөн нийт дунд, ахлах ангийн сурагчид анги хамт олноороо “УС-АМИН ОРШИХУЙ” сэдвийн дор Үгийн сүлжээ зохиосон нь манай төсөлт хичээлийн гол санааг харж болохуйц сонирхолтой байлаа.